Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Үндэсний Залуучуудын Зөвлөлийн 4-р хурлын нээлтийн үеэр МЗХ-ны ерөнхийлөгч Б.Бэлгүтэйгийн хэлсэн үг.
2025-02-24

 

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН IV ХУРАЛ

Сайн байцгаана уу. Монголын залуусаа.

            Юуны өмнө 2015 онд анх байгуулагдсан цагаасаа хойш нөхөн сонгууль буюу ротаци хийж шинэчлэгдэж чадаагүй тухайн ондоо 3 хуралдсанаас хойш албан ёсны хурлаа хийж чадаагүй Үндэсний Залуучуудын Зөвлөлийн нөхөн сонгуулийг амжилттай хийж ээлжит хурлыг зохион байгуулж буй Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх хорооны хамт олондоо талархал дэвшүүлье.

2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр албан ёсоор зарлагдсан ҮЗЗ-ийн гишүүний нөхөн сонгуульд 30 хоногийн хугацаанд нээлттэй бүртгэлд хамрагдан Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүнээр сонгогдож  өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл, салбар бүрийн манлайлагч залуучууд та бүхэнд халуун баяр хүргэе.

Өнгөрсөн зууны түүчээ ирээдүйн зууны манлайлагч болсон залуус бидэнд СОРИЛТ, БОЛОМЖ ирж ЗОРИГ, ХУРД дутагдаж байна.

1921 онд байгуулагдсан цагаасаа 104 жилийн хугацаанд шинэ цагийн Монгол орны бүтээн байгуулалт, соёл хүмүүжил, өөрчлөлт шинэчлэлтийн манлайд залуус бид явсан түүхэн залгамж бий. Энэ тухай ярих нь илүүц бөгөөд өнгөрсөнд баримттайгаа үлдсэн билээ.

Өнөөдрийн тухай ярья Монголын Залуус өнөөдөр хаана байна вэ ?

  • Залуус нь эх орноосоо дүрвэсэн тоогтоороо дэлхийж тэргүүлж
  • Архи тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист донтох хар сүүдэр Монголын залуусыг Монголын ирээдүйг нөмрөн авлаа.
  • Цахим мөрийтэй тоглоомонд их наядаар нь үндэсний баялаг, хөдөлмөрийн үр шимээ цацан донтож буй хүмүүсийн дийлэнх нь залуус бид байна.
  • Гэр бүл салалт, үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, өнчин ирээдүйг бүтээгчдийн цөм нь залуус бид байна.
  • Шударга бус байдал, эрх мэдэлтний золиос нь залуу хүн болжээ.

Дурдаад байвал Монголын нийгмийн хорд хавдар нь залуус бид болсон гэхээр санагдана.

Гэвч өнөөдөр хөдөлмөрлөж, бүтээж, улс орны ачааны хүндийг залуус бид үүрч явнаа. Монгол орон бол насны бүлгийн хувьд залуусын цонх үедээ яваа ЗАЛУУЧУУДЫН ОРОН. Хүнд хөнгөн үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, нийгмийн бүхий л салбарт бид хөдөлмөрлөж, амьдралын төлөө хичээж байна. Дэлхийн урлаг, спорт тухайлбал цахим болон оюуны спортоор Монголын залуус тэргүүлж, өрсөлдөж хөл нийлүүлэн байгааг бид харан бахархан сууна.

Өнөөдөр нийгэмд залуусын өмнө тулгамдсан асуудлыг тоочин дурдвал энэ өдөр хүрэлцэхгүй бизээ. Үндэсний залуучуудын зөвлөлд нэрээ дэвшүүлж сонгогдсон та бүхэнд ч эдгээр нийгмийн асуудлууд өдөр тутам тулгарсаар байгаа.

ЗАЛУУЧУУД бол улс орны ӨНӨӨДӨР мөн ИРЭЭДҮЙГ бүтээгчид билээ.

Маргаашийн тухай ярья. Бид маргаашийг өнөөдөр шиг өнгөрөөвөл бидний дүү нар, үр хүүдүүд бидэн шиг өнөөдөртэй ИРЭЭДҮЙ-дээ золгох болно. Би ийм байхыг хүсэхгүй байна. Та бүхэн хүсч байна уу ?

МОНГОЛ ЗАЛУУ ХҮН ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДРАХ тэр л нийгмийг тэр л улс орныг бүтээхийг хүсэхгүй байна уу ?

Тэгвэл бид юу хийх ёстой вэ ?

Энэ өдрөөс Монголын Залуучуудын Холбоо гэдэг бол би биш, Ерөнхийлөгч гэдэг албан тушаал биш, хэсэг бүлэг нөхдийн бөгөөд улс төрийн намын хамаарал бүхий байгууллага биш боллоо гэдгийг хамтдаа зарлан тунхаглая.

Бид 339 үүлээ. Цаашид улам ч олуулаа болно.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй хэмээх ардынхаа зүйр үгийг эрхэмлэн та бүхнийхээ, залуусынхаа дуу хоолойг сонсож, нэгтгэж хамтдаа бодлогоо тодорхойлж хэрэгжүүлдэг холбоо болъё.

            Өнөөдөр бид Монголын Залуучуудын Холбооны дунд хугацааны бодлогыг хэлэлцэн баталж, цаг үеийн үйл ажиллагаа, шийдвэрүүдийг хамтдаа гаргах болно.

НЭГДҮГЭЭРТ:

  • Монголын Залуучуудын Холбоо нээлттэй болно. Оролцож байгаа, санаачилж байгаа, ажиллаж байгаа залуус энэ холбоог удирдана.
  • Бид залуусаа сонсоно. Идэвхижүүлнэ. Хамтдаа асуудлаа даван туулна.

ХОЁРДУГААРТ:

  • Монголын Залуучуудын Холбоо санаачлагатай болно. Залуусынхаа саналыг авч нэгтгэж тулгамдаж буй асуудлаар цаг алдалгүй дуу хоолойгоо илэрхийлнэ.
  • Бид залуусаа нэгтгэнэ. Хүчирхэгжүүлнэ. Хамтдаа асуудлаа шийдвэрлүүлнэ.

ГУРАВДУГААРТ:

  • Монголын Залуучуудын Холбоо гүйцэтгэлтэй болно. Төлөвлөгөө зорилтоо хамтдаа гаргасан төлөвлөсөн залуус хийж хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ.
  • Бид асуудлыг шийднэ. Үр дүнд хүрнэ. Хамтдаа хүссэн ирээдүйгээ бүтээнэ.

ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ, ГҮЙЦЭТГЭЛ бол Монголын Залуучуудын зарчим юм.

Үндэсний Залуучуудын Зөвлөлийн ээлжит 4-р хуралд амжилт хүсье. Хурал нээснийг мэдэгдье.

МЗХ-ны Ерөнхийлөгч Батмөнхийн Бэлгүтэй

2025.02.24