
Сүхбаатар аймгийн Залуучуудын хоёрдугаар чуулган 5-р сарын 23-нд зохион байгуулагдаж 13 сумын залуучуудын төлөөлөл, хувийн хэвшил, ААН-үүдийн төлөөлөл, нээлттэй бүртгэлээр бүртгүүлсэн 220 гаруй залуучууд оролцлоо.

Ц.Өлзийжаргал тэргүүнтэй Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо нь 2018 оноос хойш ажилласан бөгөөд энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, амжилтаа чуулганд оролцогчдод тайлагнав.

Өнгөрсөн хугацаанд Аймгийн ИТХ-аар “Нутгийн залуус” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, сар бүрийн 25-ныг Залуучуудын өдөр болгон тэмдэглэж, аймгийн шилдэг залуу шалгаруулах Next Step ёслолын арга хэмжээ, Залуучуудын ААШ шатрын тэмцээн, Өөрчлөлтийг өөрөөсөө өдөрлөг зэрэг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг тогтмол хийж ирсний зэрэгцээ залуучуудыг хөгжүүлэх, идэвхжүүлэх сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулж бүх сумдын салбар холбоог шинэчлэн, үйл ажиллагааг нь тогтмолжуулсан байдаг.

Энэ бүх ажлаараа Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо нь МЗХ-ны шилдэг салбар холбоогоор 2 удаа, Бүсийн шилдгээр нэг удаа тус тус шалгарч байсан юм.

Ээлжит чуулганд Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөл болон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг оролцож холбооны удирдлага болон бүтцийг шинэчлэх сонгуулийн ажлыг удирдан зохион байгууллаа.
Чуулганаар Туяахүүгийн Одончимэг нийт төлөөлөгчдийн 64.2 хувийн саналаар тэргүүнээр, Хяналтын зөвлөлийн даргаар Ц.Үүрцайх сонгогдсон бол дэд тэргүүнд Г.Ач-Оргил, Э.Түвшинбаяр, Д.Ганбаяр нар нэр дэвшсэнээс Э.Түвшинбаяр олонхийн санал авч сонгогдов. Мөн 11 тэргүүлэгч, Хяналтын зөвлөлийн 2 гишүүн сонгогдож шинэ бүтэц бүрэлдэхүүн үүрэгт ажлаа хүлээн авсан юм.