Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Үндэсний Залуучуудын Зөвлөлийн ээлжит V хурал хуралдлаа.
2025-06-18

Үндэсний Залуучуудын Зөвлөлийн ээлжит V хурал 2025.06.17-ны өдөр хуралдаж цаг үеийн чухал шийдвэрүүдийг гаргалаа. Энэ удаагийн хурлаар “МЗХ-2030” Үйл ажиллагааны Стратеги төлөвлөгөө, Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, ҮЗЗ, УЗ, Хяналтын Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Зөвшөөрөл олгох тухай, Эрх олгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр Удирдах зөвлөлийн 2025.05.20-ны өдрийн хурлаас баталсан билээ.

МЗХ-ны Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахад ҮЗЗ-ийн гишүүдийн 2/3 саналаар хэлэлцдэг тул Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй Үндсэн дүрэмд заасны дагуу ээлжит бус ИХ-ыг зарлан хуралдуулах саналыг ҮЗЗ-ийн хуралдаанд санал болгосноор ҮЗЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар МЗХ-ны ээлжит бус 10-р Их хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гарган, тов тогтоох, төлөөлөгчдийн тоо батлах, хэлэлцэх асуудлыг батлах зэрэг тогтоолуудыг батласнаар хурал өндөрлөсөн юм.

Ийнхүү МЗХ-ны Ээлжит бус 10-р Их хурал хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. “МЗХ-2030” Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

2. МЗХ-ны Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлав.

3. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Б.Билгүүн, Г.Дэлгэрмаа нар шинээр сонгогдов.

4. Хяналтын Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Б.Гандорж, Б.Жагар нар шинээр сонгогдлоо.

5. Сэргээгдэх эрчим хүч ашиглан МЗХ-ны төв байрны цахилгааны хэрэглээг хангах Нарны хавтангийн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгов.

6. Өсвөр үе залуучуудад зориулсан “YOUTH TOWER” төслийг хэрэгжүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах эрх олгов.

Хурлын үеэр хэлэлцсэн гол асуудлуудыг дурдвал:

– Гүйцэтгэх захирал П.Анхбаяр холбооны санхүүгийн мэдээ мэдээллийг их хурлын төлөөлөгчдөд танилцуулсан.

– Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудын холбооны Бага чуулганы гишүүдийн тоог 119 байсныг 81 болгон бууруулав.

– Танхимаас залуучуудын насны босгыг 45 болгох санал гаргасан боловч 16-40 хүртэлх буюу хэвээр нь үлдээх саналыг 81 хувь нь дэмжсэнээр өөрчлөлт ороогүй.

– Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг заалт бүрээр хэлэлцэн их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналыг тусган 83 хувиар батлав.

– УЗ-ийн гишүүдийн идэвхи оролцоо, хурлын ирц, татвар төлсөн байдал зэргийг үндэслэн 2 гишүүнийг чөлөөлж 6 хүн нэр дэвшсэнээс 2 нь сонгогдов.

– ХЕЗ-ийн 1 гишүүн гадаад улсад шилжин амьдарч байгаа, 1 гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул 3 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан 2 гишүүн сонгогдов.

– Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй – СЭХ-ний Нарны хавтангийн төслийг танилцуулж төлөөлөгчдийн олонхийн саналаар хэрэгжүүлэхийг дэмжив.

– 2021 онд МЗХ-ны Залуус танхимыг нурааж офиссын барилгын ажил эхлүүлсэн боловч өдийг хүртэл шийдэгдээгүй ухсан нүх, зэвэрсэн төмөр болсон байгааг онцолж Өсвөр үе, хүүхэд залуучуудад зориулсан “YOUTH TOWER” төслийг боловсруулж олон нийтэд нээлттэй зарлах эрхийг Удирдах зөвлөлд олгов.