Бага Чуулганы Гишүүнд Нэр Дэвшигчид Бүртгэл шалгах Нэр дэвших
Говийн бүсийн чуулганы нээлтэнд МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэйгийн хэлсэн үг.
2025-09-06

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГАН

ЗАЛУУСЫН ХҮЧ – БҮСИЙН ИРЭЭДҮЙ

Говьсүмбэр аймаг, 2025.09.05 – 07

Сайн байцгаана уу. Говийн бүсийн залуусаа.

            Юуны өмнө говийн бүсийн чуулганд хүрэлцэн ирсэн Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн залуучуудын төлөөлөл, говийн бүсийн чуулганыг хүлээн авч зохион байгуулж буй Говьсүмбэр аймгийн залуучуудын холбоо болон Бүсийн чуулган зохион байгуулах ажлын хэсгийн хамт олондоо талархал дэвшүүлье.

Говийн бүсийн 4 аймгийн 200 манлайлагч залуус чуулж Монгол Улсын Залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, Монгоын Залуучуудын Холбооны МЗХ – 2030 Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, Говийн бүсийн залуучуудад тулгамдаж буй асуудал, хэлэлцүүлгийг зохион байгуулж шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн хүргэхээр цуглаад байна.

Мөн та бид танилцаж, ярилцаж, нөхөрлөж, туршлага судлаж хамтран ажиллах нь Говийн бүсийн хөгжилд тод хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн зууны түүчээ ирээдүйн зууны манлайлагч болсон залуус бидэнд СОРИЛТ, БОЛОМЖ ирж ЗОРИГ, ХУРД дутагдаж байна.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн эхний он жилүүдэд “Бошгыг халах залуучуудын эвлэл”  нэртэйгээр анх үүсэн бий болсон Монголын залуучуудын ууган байгууллага – Монголын хувьсгалт Залуучуудын Эвлэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, шинэ Монгол улсыг сэргээн  хөгжүүлэх, орчин цагийн хөдөө аж ахуй, аж үйлдвэржүүлэлтийн эх суурийг тавьж бүтээн байгуулах, ард түмнээ соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг хүн төрөлхтний дэвшилт үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх үйлст онцгой үүрэг гүйцэтгэж ирсний учир Монгол төрийн зургаан одонгоор шагнагдсан бахархам түүхтэй.

Энэ жил Монголын залуучуудын байгууллагын 104 жил, МХЗЭ-ийн гарамгай удирдагчдын нэг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ой давхцаж байна.

Л.Түдэв бол залууст өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх, өсвөр үеийнхний авьяас чадварыг хөгжүүлэх ажлын арга барилд шинэчлэл хийсний зэрэгцээ, хувийн үлгэр дуурайлал үзүүлсэн гайхамшигтай удирдагч байсныг бахархан дурсъя.

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн суурин дээр 1991 онд үүсгэн байгуулагдсан Монголын Залуучуудын Холбоо нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн албан ёсны залгамжлагчийн хувиар ардчилсан, хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөөгийн Монголын нийгэмд зохих байр сууриа эзэлж, Монголын залуучуудын өөрийн гэсэн өнгө төрхтэй, хамгийн том төрийн бус байгууллагын нэг болон төлөвшиж байна.

Монголын Залуучуудын Холбооноос ардчилал, зах зээлийн эдийн засгийн цоо шинэ харилцаа бүрэлдэн тогтох, боловсрон хөгжих үеийн залуучуудын нийгмийн сэтгэлгээ, оюун санааны хөгжлийг зөв төлөвшүүлэх, тэдний нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, бүтээлч эерэг хандлагатай, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч өв уламжлалаа тээгч манлайлагч Монгол залуу хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх зорилго чиглэлтэй ажилласаар байна.

Өнөөдөр Монголын Залуус өнөөдөр хаана байна вэ ?

Залуус нь эх орноосоо дүрвэсэн тоогтоороо дэлхийж тэргүүлж, Архи тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист донтох хар сүүдэр Монголын залуусыг Монголын ирээдүйг нөмрөн авлаа.

Цахим мөрийтэй тоглоомонд их наядаар нь үндэсний баялаг, хөдөлмөрийн үр шимээ цацан донтож, Гэр бүл салалт, үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, өнчин ирээдүйг бүтээгчдийн цөм нь залуус бид байна.

Дурдаад байвал Монголын нийгмийн хорд хавдар нь залуус бид болсон мэт Гэвч өнөөдөр хөдөлмөрлөж, бүтээж, улс орны ачааны хүндийг залуус бид үүрч явнаа.

Монгол орон бол насны бүлгийн хувьд залуусын цонх үедээ яваа ЗАЛУУЧУУДЫН ОРОН. Хүнд хөнгөн үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, нийгэм соёлын бүхий л салбарт залуус бид хөдөлмөрлөж, амьдралын төлөө хичээж байна. Шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт тухайлбал цахим болон оюуны спортоор, Монголын залуус дэлхийд тэргүүлж, өрсөлдөж байгааг бид харан бахархан сууна.

МЗХ 2025 оны эхний 9 сарын хугацаанд 10 жил тасраад байсан ҮЗЗ-ийн 339 гишүүний нөхөн сонгуулийг амжилттай зохион байгуулж ээлжит 4, 5-р хурлаа хийсэн. Мөн 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоодын Бага чуулганы гишүүдийн бүртгэлийг олон нийтэд нээлттэй зарлаж 2000 гаруй залуучууд бүртгэгдээд байна.

Удирдах зөвлөл 5 удаа хуралдаж цаг үеийн шийдвэрүүдийг гарган 12 ажлын хэсэг байгуулагдаж идэвхитэй ажиллаж байна.

20 жил түгжээтэй хаалганы цаана тоосонд дарагдаж байсан АРХИВ, АГУУЛАХ-уудыг цэгцэлж, МЗХ-ны төв байрны урсгал засварын ажлыг амжилттай хийж орчин үеийн оффисын өнгө төрхтэй болгож дууслаа.

Гадаад харилцаагаа өргөжүүлж АНУ, БНХАУ, ОХУ, Хонгконг, БНСУ, Сингапур, АНЭУ улсуудад албан айлчлал хийж Дэлхийн болон бүс нутгийн залуучуудын байгууллагын албан ёсны гишүүнчлэлээ сэргээж залуучуудын солилцооны хөтөлбөрүүдээ дахин эхлүүлээд байна.

ҮЗЗ-ийн 4-р хурлаар “Байгууллагын харилцааны стратеги”, 5-р хурлаар 5 чиглэл 13 зорилт бүхий “МЗХ – 2030” Үйл ажиллагааны стратегийг боловсруулан баталлаа.

Монголын Залуучуудын Холбооны өмч хөрөнгийг хувийн ашиг сонирхлоор ашигладаг, ашиглахыг санаархдаг гашуун түүх бидэнд бий. Миний бие болон Удирдах зөвлөл үүнтэй хэрхэвч санал нийлэхгүй бөгөөд манлайллын 2 жилийн хугацаандаа өмч нь хасагддаг биш нэмэгддэг байхыг та бүхэнд амлая.

Өр биш өв үлдээнэ.

Олон улсын эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн Сэргээгдэх эрчим хүчээр өөрийн хэрэглээгээ бүрэн хангах “MYF-R_Energy” НАРНЫ ХАВТАН-гийн төслийг санаачлан Тенхник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан угсралтын ажлыг амжилттай зохион байгуулж асааж чадлаа.

Цахилгаан тасалддаг биш цахилгаан үйлдвэрлэнэ.

Цаашид бид

НЭГДҮГЭЭРТ:

Нээлттэй болно. Оролцож байгаа, санаачилж байгаа, ажиллаж байгаа залуус энэ холбоог удирдана.

Бид залуусаа сонсоно. Идэвхижүүлнэ. Хамтдаа асуудлаа даван туулна.

ХОЁРДУГААРТ:

Санаачлагатай болно. Залуусынхаа саналыг авч нэгтгэж тулгамдаж буй асуудлаар цаг алдалгүй дуу хоолойгоо илэрхийлнэ.

Бид залуусаа нэгтгэнэ. Хүчирхэгжүүлнэ. Хамтдаа асуудлаа шийдвэрлүүлнэ.

ГУРАВДУГААРТ:

Гүйцэтгэлтэй болно. Төлөвлөгөө зорилтоо хамтдаа гаргасан төлөвлөсөн залуус хийж хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ.

Бид асуудлыг шийднэ. Үр дүнд хүрнэ. Хамтдаа хүссэн ирээдүйгээ бүтээнэ.

ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ, ГҮЙЦЭТГЭЛ бол Монголын Залуучуудын зарчим юм.

Говийн бүчийн чуулган нээснийг мэдэгдье.