Монгол, Оросын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой “Монгол–Оросын залуучуудын II чуулга уулзалт-2026” 10 дугаар сарын 6–9-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогт, ОХУ-ын Боловсролын яамны дэд сайд К.И.Могилевский, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.В.Оганов, РТУ МИРЭА их сургуулийн проректор Г.В.Петушков, тус сургуулийн Залуучуудын бодлого, олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал, ОХУ-ын төлөөлөгчдийн ахлагч Д.Соколова нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Чуулга уулзалтын хүрээнд хоёр орны залуучууд боловсрол, инновац, ногоон хөгжил, сайн дурын үйл ажиллагаа, соёлын харилцаа болон бусад чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага, үзэл бодлоо хуваалцлаа. Мөн залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх төсөл, санаачилгын талаар үр дүнт хэлэлцүүлэгүүдийг өрнүүллээ.
“Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа ба аялал жуулчлал” сэдэвт хөтөлбөрийн хүрээнд хоёр орны залуу төлөөлөгчид Монгол Улс, ОХУ-ын хилийн бүс болох Сайхны хөтөл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейтэй танилцан, бүс нутгийн түүх, соёл, өв уламжлалтай танилцсан юм. Тус хөтөлбөр нь залуучуудад хил орчмын бүс нутгийн онцлог, хөгжлийн боломжийг танин мэдэхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах шинэ гарцыг эрэлхийлэх боломж олгосон юм.
2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд Монгол–Оросын залуучуудын II чуулга уулзалт өндөрлөсөнтэй холбогдуулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдлаа.
Хүндэт зочноор Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нар оролцсон бол Оросын талаас Москвагийн Технологийн их сургууль (МИРЭА)-ийн Олон улсын бодлогын хүрээлэнгийн дэд захирал Д.А.Соколова төлөөлөн оролцлоо.
Тус чуулга уулзалт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхны уулзалт 2025 оны 12 дугаар сард Москва хотноо болсон юм. Энэ удаад Монгол улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зохион байгуулагдаж, Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дэмжин ажиллаж, Монголын Залуучуудын холбоо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам тус тус хамтран ажиллалаа.
“Монгол–Оросын залуучуудын II чуулга уулзалт-2026” нь хоёр орны залуучуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ түншлэл бий болгох, хамтарсан төсөл, санаачилгыг дэмжихэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.