Сүхбаатар дүүргийн Монголын Залуучуудын холбоо хороо тус бүрийг хариуцсан залуучууд, Хяналтын зөвлөл болон Дэд тэргүүн нартай анхны хуралдаанаа амжилттай зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хуралдаанаар Залуучуудын холбооны бүтэц, чиг үүргийг танилцуулж, хороо бүртэй хэрхэн уялдаа холбоотой, идэвхтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Бидний эхлэн хэрэгжүүлэх хамгийн анхны ажил бол “Сайн үйлсийн аян” юм. Энэхүү аян 9 дүгээр сарын 1-ний шинэ хичээлийн жилийн эхлэлтэй уялдуулан зохион байгуулагдана.
Аяны хүрээнд:
• Багадсан, хэрэглэгдэхээ больсон сургуулийн хуучин дүрэмт хувцсыг химийн цэвэрлэгээнд оруулж, дахин ашиглах боломжтой хэлбэрээр бэлдэнэ.
• Мөн шинэ дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгслүүдийг худалдан авч, хороодод амьдардаг, хичээлийн хэрэгсэл авах боломжгүй хүүхдүүдэд хандивлах юм.
Энэхүү аянаар дамжуулан бид хүүхэд бүрийг шинэ хичээлийн жилд итгэл дүүрэн, баяртайгаар ороход нь тус дэм болохыг зорьж байна.